Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн гурав дахь дугаарт Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор, Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа оролцлоо.
Энэ удаагийн дугаарт кластерын тухай ойлголт, түүний бодлого, улс орны өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөө, Монгол Улсын кластерын хөгжлийн боломж нөөц, өнөөгийн сул талын талаар илтгэл танилцуулж, кластерын бодлогоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тус цуврал хэлэлцүүлэг нь яамны албан хаагчдад ажлын байрандаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох, харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой бөгөөд цаашид олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судалгааны чиглэлээр олонд танигдсан эрхмүүдийг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай сонирхолтой яриа, хэлэлцүүлгийг өрнүүлнэ.