МОНГОЛ, ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН АЖЛЫН ХЭСГИЙН VIII ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
МОНГОЛ, ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН АЖЛЫН ХЭСГИЙН VIII ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 8 дугаар хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 8 дугаар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Ф.Брантнер нар тэргүүлэв.

Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, алдаа оноо, саад бэрхшээлийг хэлэлцэн, цаашид хоёр орны хамтын ажиллагааг ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч болон мэргэжлийн боловсролын салбарт үр дүнтэй үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. 

Мөн хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилго бүхий Ажлын хэсгийн дэргэдэх Монгол, Германы Эдийн засгийн хорооны Монголын талын дарга “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Германы талын дарга wpd ХХК-ийн Ерөнхий захирал ба Ази хариуцсан захирал Ханс-Кристоф Брумберг нар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Монгол, Германы Эдийн засгийн хорооны 9 дүгээр хуралдааны үр дүн, хуралдааны протоколд тусгах тодорхой саналыг танилцуулав. 

Энэхүү хуралдаанд хоёр орны хувийн хэвшлийн төлөөллүүд идэвхтэй оролцож, цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар бодит саналуудыг солилцов.