“Менежер давтан сургах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

A- A A+
“Менежер давтан сургах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Ф.Брантнер нар “Менежер давтан сургах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Талууд уг Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар “Менежер давтан сургах хөтөлбөр” нь 2025 оныг дуустал үргэлжлэн хэрэгжих боломжтой болж байна. Хөтөлбөрийн хүрээнд германы тал оролцогчдын сургалт, хөтөлбөр болон тус улсад байх хугацааны тэтгэмж, байр болон тээврийн зардлыг хариуцан даадаг, харин оролцогчид зөвхөн Монголд байх сургалт болон улс хоорондын аяллын зардлыг өөрсдөө хариуцдаг юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ) болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ажиллаж байна.

“Менежер давтан сургах хөтөлбөр”-т 2009 оноос хойш монголын нийт 470 залуу менежерүүд хамрагдаад байна. Оролцогчид нь ХБНГУ-д нэг сарын хугацаанд германы үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагааны туршлагатай танилцаж, тэдгээрийн бизнесийн соёлын онцлогоос суралцан орчин техник, технологитой газар дээр нь танилцах боломжтой байдаг юм.

Үүнээс гадна  тус улсын зах зээлтэй танилцаж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээлттэй байдаг нь хөтөлбөрийн хүрээнд бодит үр дүн гарах гол хүчин зүйл болдог юм.