Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.06.23) өргөн мэдүүллээ.
Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол, маргааныг шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох, төрийн байгууллагуудын хяналт, шалгалт, төрийн хүнд суртлыг багасгах, мөнгөний босгогүй болгох, зөвшөөрлийг хялбаршуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусган ийнхүү өргөн барьж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.