Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн тав дах дугаарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөх Б.Ганболд оролцлоо. Тэрээр Хөгжлийн бодлого, Төрийн бодлогын чиглэлээр мэргэшсэн бөгөөд өмнө нь Сангийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, Санхүүгийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Төрийн банкны Тэргүүн орлогч зэрэг хүндтэй албан тушаалыг эрхэлж байсан туршлагатай эрхэм юм.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр хөдөө аж ахуйн салбарын дэмжлэг, урамшууллын бодлогын үр дүн, үр нөлөөг үнэлсэн судалгааг танилцуулж, тэдгээрийн нөлөөллийн суваг, үр ашигт байдлыг сайжруулах арга замыг урамшууллын хэлбэр бүрээр хэлэлцэн, тэдгээрт тулгарсан сорилтуудын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Цуврал хэлэлцүүлгийн дараагийн дугаарт олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судалгааны чиглэлээр олонд танигдсан эрхмүүдийг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай хэлэлцэнэ.