Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, Засгийн газрын 2024 оны 23 дугаар тогтоол, Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарын бичгийн даргын 2024 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” A/199 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэг. Албан тушаалд тавигдах шаардлага
1.1 Нийтлэг шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
- Боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
- Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх.
1.2 Тусгай шаардлага:
Боловсрол |
-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил |
-Нягтлан бодох бүртгэл /0411/, Санхүү, банк, даатгал /0412/, Бизнесийн удирдлага /041301/, Менежмент /041303/, Эрхзүй /0421/ |
Туршлага |
-Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай |
1.2.1. Тухайн нэр дэвшигч нь “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
1.2.2. Тухайн нэр дэвшигч нь “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
1.2.3. Нэр дэвшигч нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.
1.2.4. Аль нэг улсын гадаад хэлийг эзэмшсэн бол давуу тал болно.
Хоёр. Бүрдүүлэх бичиг баримт
2.1 Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);
2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/;
2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.7. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/;
2.8. Сэтгэцийн өвчин, эмгэггүй тухай тодорхойлолт;
2.9. Нэр дэвшигчийн зүгээс “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү удирдамжид заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.
Гурав. Сонгон шалгаруулалт
3.1 Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа ажлын 2 хоногийн дотор сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл, “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хянан үзэж, дүгнэлт гаргана.
3.2. Бичиг баримтын бүрдэл, “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, тестийн босго оноо хүрээгүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу өгнө.
3.3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан оролцогчидтой “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбоо барьж, шалгалтын авах өдөр, цаг болон байрлалыг мэдэгдэнэ.
3.4. Сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс бичиг баримтын бүрдэл, “Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага хангасан нэр дэвшигчдийг хүлээн авч, шалгалтын ажлыг танхимаар зохион байгуулна. Шалгалт нь 2 үе хэсгээс бүрдэнэ.
3.5. Сонгон шалгаруулах ажлын хэсэг шалгаруулалтын хүрээнд уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалт, сорилгын загварыг боловсруулан, доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд тестийн шалгалт зохион байгуулна.
№ |
Агуулга |
Уншиж, судлах |
1 |
Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг |
Монгол Улсын Үндсэн хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж |
2 |
Дүн шинжилгээ хийх чадвар |
Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар |
3 |
Асуудал, шийдвэрлэх чадвар |
Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар |
4 |
Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар |
Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар |
3.6. Тестийн шалгалтын босго онооны үнэлгээг хангасан оролцогчдоос доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд ярилцлага хийж, асуулт асууж үнэлгээ өгнө.
№ |
Агуулга |
1 |
“Түншлэлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга, илтгэл |
2 |
Удирдан, манлайлах чадвар |
3 |
Багаар ажиллах чадвар |
3.7. Тестийн шалгалтын оноо болон ярилцлагын үнэлгээний онооны нийлбэр дүнгээр 60-аас дээш хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал, дүгнэлтийг ажлын 5 хоногт багтаан Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Шалгараагүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу өгнө.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 9 дугаар сарын 13-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд munkhsaikhan.a@med.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
2. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Эдийн засаг, хөгжлийн яамны 501 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.
3. Нэмэлт мэдээллийг 51-261583 дугаарын утаснаас авна уу.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ