Б.Амина
Инфляц 2024 оны 9 дүгээр сард 6.7 хувь гарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 нэгж хувиар буурсан байна. Инфляц ийнхүү буурахад 2.4 нэгж хувийг хүнсний бараа, 0.6 нэгж хувийг хувь хүнд хандсан үйлчилгээ, 0.3 нэгж хувийг зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ, 0.2 нэгж хувийг эм тариа, эмнэлгийн үйлчилгээ бүрдүүлсэн байна.
Импортын инфляцын нийт инфляцад үзүүлэх нөлөө 2023 оноос эхлэн алгуур буурч тогтворжоод байна.
- Өмнөх оны мөн үед 7.6 хувь байсан импортын гаралтай инфляц 2024 оны 9 дүгээр сард 4.8 хувь болж, 2.8 нэгж хувиар буурчээ. Энэ нь нийт инфляцын 32.8 хувийг бүрдүүллээ. Хэрэглээний сагсан дахь зарим импортын барааны үнэ гадаад зах зээлд буурч, төгрөгийн ам.доллартой харьцах ханш харьцангуй тогтвортой хадгалагдсан нь импортын инфляц саарахад голлон нөлөөлөв.
- Дотоодын бараа, үйлчилгээний инфляц өмнөх оны мөн үед 12.2 хувь байсан бол 2024 оны 9 дүгээр сард 8.3 хувь болж, 3.9 нэгж хувиар буурлаа. Энэ нь нийт инфляцын 67.2 хувийг бүрдүүлсэн байна. Дотоодын инфляц саарахад хүнс болон зарим үйлчилгээний инфляц саарсан нь нөлөөлжээ.
Инфляцын 2.2 нэгж хувийг хүнсний барааны үнийн өсөлт, 4.5 нэгж хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний үнийн өсөлт бүрдүүлсэн байна.
- Хүнсний барааны үнийн өсөлт сүүлийн 3 сар бага зэрэг нэмэгдэж, 2024 оны 9 дүгээр сард өмнөх оноос 7.7 хувиар өссөн байна. Үүнд талх, гурил, будааны үнэ 5.4 хувиар, мах, махан бүтээгдэхүүний үнэ 12.1 хувиар, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнэ 9.2 хувиар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.
- Хүнсний бус бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсжээ. Уг өсөлтөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар, боловсролын үйлчилгээний үнэ 18.6 хувиар, орон сууцны түрээс 23 хувиар, хатуу түлшний үнэ 7.6 хувиар, хувь хүнд хандсан үйлчилгээний үнэ 11.7 хувиар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Цаашдын төлөв
Эрчим хүчний салбарын либералчлалыг 2024 онд эхлүүлж, тарифыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ инфляцыг бага зэрэг өсгөхөөр байна. Инфляц 2024 оны эцэст төв банкны зорилтот түвшин болох 6±2 хувийн дээд интервал орчимд байхаар төсөөлж байна.
Гэсэн хэдий ч дараах дотоод болон гадаад эрсдэлүүд инфляцын дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байна. Тухайлбал, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн нь нийлүүлэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлж болзошгүй байгаа бол 2025 онд нэгдсэн зарлага тэлж байгаа нь эрэлт талаас инфляцыг өдөөх эрсдэлтэй байна. Түүнчлэн, Тяньжин боомт дээрх чингэлгийн бөөгнөрөл нэмэгдэж, тээврийн үнэ өсөх, геополитикийн тогтворгүй байдлын улмаас улаан буудай, хүнс, эрчим хүч зэрэг импортын голлох бараа бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дээрх үнэ нэмэгдэх зэрэг эрсдэлүүд инфляцын дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байна.