Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн талаар аж ахуй нэгжүүдтэй хийж буй хэлэлцүүлгийн гурав дахь өдөрт газар тариалан, хүнсний ногоо, жимс жимсгэнэ салбарын болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд хүрэлцэн ирж идэвхтэй санал солилцов.
Хэлэлцээний үеэр газар тариалангийн салбар импортоор орж ирэх бүтээгдэхүүнтэй чанар болон үнэтэй өрсөлдөх хүндрэлтэй нөхцөл байдалд орох талаар саналаа илэрхийлж, хойшлуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Үүнээс гадна газар тариалангийн салбар бусад мал аж ахуй салбартай салшгүй уялдаа холбоотой байдаг тул бусад салбарт нөлөөлөх эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатайг дурдав.
Харин хүнсний ногооны төлөөлөгчид өнөөдрийн нөхцөл байдалд дотоодын хэрэгцээгээ давуулж ургац хурааж авч байгааг мэдэгдэж, экспортын зах зээл эрэлхийлсэн бөгөөд ногооны хувьд гаалийн татвар тэглэсэн тохиолдолд гаднын зах зээлд өрсөлдөх чадамжтай болох талаар дурдаж, хэлэлцээр байгуулахыг дэмжиж байна.
Хэлэлцүүлгийн сүүлийн өдөр 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гурилан бүтээгдэхүүн болон өндөгний салбарын төлөөллүүдийг урьж байна. Үүнээс гадна дурдаагүй салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж болох талаар үүгээр мэдэгдэж байна.