МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНД БАЙГУУЛАХ “ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-т БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ОРОЛЦОО НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНД БАЙГУУЛАХ “ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-т БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ОРОЛЦОО НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улс, БНСУ хооронд байгуулах “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн бизнес эрхлэгчдийн оролцоог хангах нээлттэй хэлэлцүүлгийн эхний өдөр  буюу 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Барааны худалдаа болон Гарал үүслийн дүрмийн бүлгийн хамтарсан хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр буюу  2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Үйлчилгээний худалдааны бүлгийн асуудлаар үргэлжлэх ба үүнд хүнс, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал санхүү, банк, даатгал, харилцаа холбоо зэрэг үйлчилгээний бүхий л салбаруудын саналыг хүлээн авахаар ажиллаж байна.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд барааны худалдааны бүлгийн асуудалд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт нэгдсэн бодлогыг зохицуулах газрын дарга Б.Анар, Гарал үүслийн дүрмийн бүлгийн асуудалд Гадаад харилцааны яам холбогдох танилцуулгыг хийж, Гаалийн ерөнхий газрын төлөөллүүд холбогдох асуудалд тайлбар, зөвлөмж өгч, хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт хүнс, шингэн хүнс, ноос, ноолуур, мах, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад худалдаа эрхлэгч 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Дашрамд дурдахад Монгол Улс, БНСУ хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн албан ёсны хэлэлцээг 2023 оноос эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр тал 4 шатны албан ёсны хэлэлцээг амжилттай зохион байгуулж, тодорхой ахиц гаргаад байгаа билээ.

Дараагийн шатны хэлэлцээг энэ оны эхний улиралд зохион байгуулахтай холбогдуулан хэлэлцээний үеэр хөндөх асуудлуудад бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын санал, хүсэлт, байр суурийг тодруулж, хэлэлцээрийн явц болон зохицуулалтын талаар танилцуулав.

Мөн Монголын талаас БНСУ-ын зах зээлд гаргах экспортын тэргүүлэх бараа болон айлын талын сонирхол, тус хэлэлцээрийн үр дүнд ямар хэмжээний зах зээлд нэвтрэх боломж бий болох талаар болон гарал үүслийн дүрмийн хувьд тавигдах шалгуур, анхаарах асуудлуудад дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан.

Үүнээс гадна оролцогч аж ахуйн нэгжийн төлөөллүүд өөрсдийн экспортлох сонирхолтой бараануудыг БТКУС-ын кодоор хоёр талын барааны урьдчилсан жагсаалтаас шүүлгэж, боломжит бүхий л мэдээллүүдийг нээлттэй байдлаар тодруулж, санал хүргүүлж идэвхтэй оролцлоо.

Харин аж ахуйн нэгж, дотоодын баялаг бүтээгчид манай улсын гадаад худалдааны зарим асуудлууд болох гарал үүслийн гэрчилгээний асуудал, эрүүл ахуй хорио цээрийн асуудлыг тодорхой болгож, сайжруулах, олон улсын түвшинд хүргэх чиглэлд анхаарах ёстой талаар санал шүүмжүүд гаргав.

Мөн зарим аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс төрөөс баримталж буй бодлого, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжин зээл олгож буй үндэсний хөтөлбөр, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж, үр шимийг бүрэн хүртэх зорилгоор тус хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимжүүлэхэд анхаарах байр суурь илэрхийлэв.