Монгол Улс, БНСУ хооронд байгуулах “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн бизнес эрхлэгчдийн оролцоог хангах нээлттэй хэлэлцүүлгийг 2025 оны 3 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр Үйлчилгээний худалдааны бүлгийг танилцуулсан ба зам тээвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал, нийгмийн салбарууд, санхүү, харилцаа холбооны зэрэг холбогдох үйлчилгээний салбарын төлөөллүүд оролцов.
Монгол улс 2015 онд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд хоёр дахь гэрээг БНСУ-тай байгуулахаар холбогдох яамд, агентлагуудын төлөөллийг хамруулсан нийт 150 орчим гишүүнтэй ажлын хэсгүүд ажиллаж, Эдийн засаг, хөгжлийн яам ахалж байна.
Өнгөрсөн хугацаанд хоёр тал дөрвөн шатны албан ёсны хэлэлцээг хийсэн ба хэлэлцээрийн талаар аж ахуйн нэгж, олон нийтэд мэдээлэл өгч, гадаад худалдаа, бизнес эрхлэгчдийн саналыг авах зорилгоор нийт 3 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайлбал анхны олон нийтийн хэлэлцүүлгийг МҮХАҮТ-тай хамтран 2023 оны 12 дугаар сарын13-ны өдөр, хоёр дахь олон нийтийн хэлэлцүүлгийг МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 05 дугаар 09-ний өдөр, үүнээс гадна 2024 оны 11 дүгээр 15-ны өдөр ЭЗХЯ-аас Монгол-Солонгос хооронд экспорт, импорт хийдэг гол аж ахуйн нэгжүүдтэй барааны худалдааны асуудлаар тус тус уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэ удаа тус хэлэлцээрийн дараагийн шатны хэлэлцээнд бизнес эрхлэгчдийн оролцоог хангах ээлжит нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан “Урьдчилсан судалгаагаар энэ гэрээг байгуулах нь манай улсад ашигтай гэсэн судалгааны үр дүн гарсан. Иймд гэрээг байгуулна. Бизнес эрхлэгчидтэй уулзан, та бүхний саналыг авсны дараа бид БНСУ-тай дараагийн хэлэлцээ хийнэ” гэж хэлэлцүүлэгт оролцогчдод хандан онцлов.
Тус хэлэлцээрийн үйлчилгээний бүлэг нь Дэлхийн худалдааны байгууллагын GATS ("Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр") -ийн жишгээр хийгдэж байгаа ба төрөөс үзүүлэх үйлчилгээ, төрийн худалдан авалт, нислэгийн үйл ажиллагаа, далайн тээврийн каботаж, Засгийн газраас олгодог татаас, хөнгөлөлттэй зээл, хөдөлмөрийн зах зээл, хувь хүний байнгын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хамрагддаггүй. Хэлэлцээрээр хүлээх үүрэг амлалтад нийцэхгүй байгаа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон ирээдүйд өөрчлөгдөж болох буюу бодлогын өөрчлөлт хийх боломжтой салбарын талаар талууд хэлэлцээрийн хавсралтаар тохиролцож байгаа билээ.
БНСУ нь АНУ, Канад, Сингапур, БНХАУ гэх мэт улстай 22 удаагийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулжээ. Тус улстай Монгол Улсын байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь дараах 14 бүлэгтэй. Үүнд:
- Барааны худалдаа (Худалдааны арга хэмжээ);
- Үйлчилгээний худалдаа (Харилцаа холбоо, Санхүүгийн үйлчилгээ, Бизнес эрхлэгчдийг түр нэвтрүүлэх);
- Гарал үүслийн дүрэм (Дүрэм, үйл ажиллагаа);
- Хөрөнгө оруулалт;
- Гаалийн журам ба худалдааг хөнгөвчлөх;
- Засгийн газрын худалдан авалт;
- Худалдаан дахь техникийн саад тотгор;
- Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ;
- Эдийн засгийн хамтын ажиллагаа;
- Оюуны өмчийн эрх;
- Өрсөлдөөн;
- Байгаль орчин;
- Цахим худалдаа;
- Хууль эрх зүйн болон институцын асуудал.