Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын Анагаах ухааны сургууль хамтран хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Монгол орны түгээмэл хэрэглэгддэг эмийн ургамлын түүхий эдийн ургахад тохиромжтой бүсчлэл болон тариалалтын судалгаа” сэдэвт хамтарсан төслийн хээрийн судалгаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус судалгааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн Li Min Hui удирдагчтай судалгааны баг 2025 оны 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд Монгол Улсын Төв аймаг, Хэнтий аймаг, Булган аймгийн нутаг дэвсгэрт эмийн ургамлын хээрийн судалгаа хийлээ. Судалгааны явцад Монгол орны тэгш өндөрлөгийн бүсэд ургадаг эмийн ургамлуудын төрөл зүйл, биологийн онцлогийг газар дээр нь ажиглаж, баталгаажуулсан бөгөөд хамтарсан багийн авсан гэрэл зургуудад үндэслэн “Эмийн ургамлын зурагт толь” бүтээлийг эмхэтгэн гаргах ажлыг амжилттай эхлүүллээ.
Мөн төслийн хүрээнд Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Эмийн ургамал нутагшуулан тарималжуулах плантацид газар дээр нь ажиллаж, Хятадын талаас ургамал тарималжуулалт, арчилгааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, туршлага солилцов. Тус хамтарсан судалгаа нь эмийн ургамлын нөөц, байршлыг тогтоон, түүхий эдийн нөөц бэлтгэх шинжлэх ухааны үндэслэлийг тогтоох, эмийн ургамлын хамгаалал, зохистой ашиглалт, тариалалтын чиглэлээр чухал ач холбогдолтой юм.
Монгол улсын эмийн бүртгэлд давхардсан тоогоор 1000 гаруй уламжлалт эм бүртгэгдсэн, жилд уламжлалт эмийн 6 үйлдвэр 1.610.000 хүн тун эм үйлдвэрлэж 5 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, 14 мянган хүнийг хэвтүүлэн эмчилдэг байна.