Монгол Улсад дунд хугацааны төсвийн хүрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн Тогтвортой байдлын зөвлөл, Европын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа.
Уг семинарт УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк, НҮБ болон бусад байгууллагын төлөөллүүд оролцов.
Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол Улс нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, түүнд хяналт тавих, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлалыг бүрдүүлэх зорилт бүхий Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж төсвийн дунд хугацааны бодлого төлөвлөлтийг боловсруулж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Семинарын үеэр ДХТХ-ний нийтлэг зарчим, зорилт, үзэл баримтлал, хэрэгжүүлэх загвар хувилбарууд, шаардлагатай эрх зүйн зохицуулалт, олон улсын сургамж, үндсэн бүрэлдэхүүн хэсэг зэрэг сэдвүүдээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн ахлах мэргэжилтэн Номан Иштиак танилцуулга хийлээ. Мөн ДХТХ-ээг Монгол Улсад хэрэгжүүлж буй өнөөгийн үйл явц, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх алхмуудын талаар оролцогч талууд хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.