Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн түншлэлийн XIII зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2026.11.27/ Гадаад харилцааны яаманд боллоо. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Такаги нар даргалаж, МҮХАҮТ, Япон-Монголын Эдийн засгийн хорооны удирдлага, гишүүн ААН-үүд, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон хоёр улсын төрийн байгууллага болоод хувийн хэвшлийн нийт 90 гаруй төлөөлөгч оролцов.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээлтийн үгэндээ "Япон Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй эдийн засаг, хөрөнгө оруулалтын хувьд найдвартай стратегийн түнш юм. Хоёр орны стратегийн энэхүү түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд үүнийг урагшлуулахад төр, хувийн хэвшлийн уулзалтад оролцогч та бүхний хичээл зүтгэл, идэвх санаачилга чухал хувь нэмэртэй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр орны төр, хувийн хэвшлийн хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг гаргах чухал индэр билээ. Тиймээс та бүхэн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлэн дүгнэж, тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны зэрэг олон салбарт хамтран ажиллах хэтийн төлөвийг тодорхойлоход чиглэсэн бодитой шийдлүүдийн санал болгоно гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол гүүр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уг хэлэлцээрээр олгогдож буй татварын болон зах зээлийн хөнгөлөлтүүдийг хоёр орны аж ахуйн нэгжүүд илүү өргөн хүрээнд ашиглах боломжийг бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт хэвээр байна" гэдгийг онцолоо.
Дэд бүтэц, эрчим хүч, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг үр дүнтэй ашиглаж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, хамтын оролцоог хангах, Ногоон эдийн засагт шилжих, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд Японы дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх, органик бүтээгдэхүүний стандартыг олон улсын түвшинд хүргэж, Японы зах зээлд экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.
Үргэлжлүүлэн зөвлөлдөх уулзалтын үеэр Нийслэлийн Баянгол дүүрэг болон Япон Улсын Ибараки мужийн Намэгата хот, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Япон Улсын Ибараки мужийн Намэгата хот хооронд санамж бичиг байгуулсан юм.















