Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг сайжруулах, шинжлэх ухаан, инновацын мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, хиймэл оюуны технологийг ашиглах боломжийг бий болгох зэрэг асуудлаар EBSCO-ийн Азийн бүсийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны шийдлийг хэлэлцэн тохирлоо. Тус албан уулзалтад АНУ-ын EBSCO мэдээллийн систем (information system)-ийн Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч - Петер Кунг, тус байгууллагын Ази, номхон далайн бүсийн номын сангийн үйлчилгээний захирал - Винсент Лее, EBSCO-ийн Монгол, Хятадыг хариуцсан программ хангамжийн үйлчилгээний захирал - Роналдо Зоу, EBSCO-ийн Монгол, Япон, Хятадыг хариуцсан гүйцэтгэх захирал - Эдди Цай нар оролцлоо. Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэн тохилцлоо. Үүнд:
- EBSCO-ийн судалгааны нэгдсэн өгөгдлийн санг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах. Тухайлбал, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон бодлого боловсруулагч нарт дэлхийн шилдэг судалгааны материалд шууд хандах EBSCO-ийн судалгааны нэгдсэн өгөгдлийн санд нэвтрэх боломжийг өргөжүүлэх;
- Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөгжүүлж буй Монголын нээлттэй судалгааны дэд бүтцийг (MORI)-г EBSCO-той хамтран хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах. Энэ хүрээнд MORI системийг бий болгох технологи, систем хөгжүүлэлт тал дээр хамтран ажиллах;
- Эрдэм шинжилгээний байгууллага, Их сургуулиудын бүтээл, сэтгүүлийг EBSCO санд бүртгүүлэн, тус платформоор дамжуулан олон улсад түгээх. Өнөөдрийн байдлаар EBSCO мэдээллийн санд Монгол улсаас 7 бүтээл, сэтгүүл бүртгүүлээд байгаа бөгөөд энэ тоог нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах;
- Монгол Улсын шинжлэх ухаан, дээд боловсролыг салбарт хуулбарлалт илрүүлэх дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах;
- “EBSCO Information Services” байгууллагаас Монгол Улсын судалгааны цахим мэдээллийн системийг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, EBSCO мэдээллийн санг ашиглахад чиглэгдсэн сургалт зохион байгуулах.
Сонирхуулахад АНУ-ын “EBSCO Information Services” байгууллага нь шинжлэх ухаан, боловсрол, бизнес, технологи болон бусад салбарт 2.4 сая электрон ном, 35.000 эрдэм шинжилгээний сэтгүүлийг агуулсан судалгааны өгөгдлийн сан, дижитал мэдээллийн нөөцийг бий болгосон энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч олон улсад үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч байгууллага юм. Түүнчлэн, EBSCO хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар тус сангийн судалгааны материалуудыг Монгол хэл рүү шууд орчуулах боломжтой болж байгаагаар онцлог юм. Ингэснээр Монголын эрдэмтэн, судлаач, оюутнууд олон улсын судалгааны үр дүн, бүтээл, мэдээлэлтэй Монгол хэл дээр танилцах, ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Цаашид Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монголын шинжлэх ухаан, технологийн салбарын чадавхыг бэхжүүлэх, олон улсын түвшинд гаргах, цахим дэд бүтцийн системүүдийг хамтран хөгжүүлэх чиглэлээр “EBSCO Information Services” байгууллагатай хамтран ажиллахаар тогтлоо.