
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.05.08) хуралдаанаар хэлэлцлээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тогтоолын төслийг танилцуулж, Эдийн засаг, хөгжлийн яам болон холбогдох яамдын ажлын хэсгийн төлөөлөл гишүүдийн асуултад хариулт өгөв.

Тэргүүн Шадар сайдын танилцуулснаар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлттэй уялдуулан тодорхойлсон нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм байна.
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс 2.2 их наяд төгрөгийг улсын төсвөөр, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвөөр, 5.0 их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаар, 4.5 их наяд төгрөгийг дотоодын хөрөнгө оруулалтаар, 1.6 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар, 1.5 их наяд төгрөгийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр, 0.3 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно гэдгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдсэн юм.

Нэг. Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд:
Бизнесийн орчныг тогтвортой, эрх чөлөөтэй болгож, татвар ба төсвийн шинэчлэл хийж, ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгож, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжинэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Эрчим хүчний салбарт: Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай УЦС барина.
Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Зэс, ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ.
Тээвэр, логистикийн салбарт экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ.
Хөдөө аж ахуйн салбарт Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан зураглалыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. “Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид болон “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ.
Соёл, аялал жуулчлалын салбарт зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.
Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 2027 онд 5.8 хувьд хадгалж, үндэсний өрсөлдөх чадварын индексийг 65 дугаар байрт эрэмбэлэгдэж байгааг 7 байраар ахиулна.
Хоёр. Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд:
Суралцагчийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, эрүүл мэндийн тогтолцоог шинэчилж, ил тод болгоно. Хүнд суртлыг бууруулж, зөвшөөрлийн тогтолцоог хялбарчилж, төрийн үйлчилгээг цахимжуулж, үр ашигтай болгоно. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Боловсролын салбарт “Цөөн хүүхэдтэй анги“ бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургууль байгуулж, “Нэг багшид нэг AI туслах”-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ.
Эрүүл мэндийн салбарт Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна.
Ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны чадавхыг бэхжүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлнэ.
Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр хүний хөгжлийн индекс 2025 онд 0.756 байгааг 2027 онд 0.781 хүргэж, дундаж давхаргын эзлэх хувийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ. Мөн Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн индекс 49 хувь байгааг 52 хувьд хүргэж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ.
Гурав. Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд:
Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ногоон дата тав байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хараат байдлыг бууруулна. Ногоон дэд бүтэц хөгжүүлэх хүрээнд айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлнэ. Мандалговьд 100 МВт-ын салхин цахилгаан станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлнэ.
Анхдагч экосистемийг хамгаалах чиглэлээр усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх "Хэрлэн-Тооно“, "Онги-Цагаан бургастай" төслийн бэлэн байдлыг хангана. Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинэчилсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, олон талын оролцоотой хамгааллын менежментийг хэрэгжүүлнэ.
Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 10.0 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээж, Цөлжилт, газрын доройтлыг бууруулах суурин судалгааны төвийг байгуулж, ашиглалтад өртөмтгий ургамал, амьтны тархац нөөцийг тогтооно.
Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр байгаль орчны гүйцэтгэлийн индекс 2025 онд 37.2 оноотой байгааг 2027 онд 40 оноонд хүргэж, орон нутгийн хөгжлийн индекс 0.506 байгааг 0.553-д хүргэнэ.
Дөрөв. Авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд:
Авлигын индексийн үзүүлэлтийг сайжруулж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлж, цахим засаглал, ил тод байдлыг бодитойгоор нэмэгдүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлнэ. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албаны бүтцийг шинэчилж, шийдвэр гаргалтыг идэвхжүүлнэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр авлигатай тэмцэх иргэний нийгэм, сайн дурын хөдөлгөөнийг дэмжиж, шүгэл үлээгчийг дэмжих мэдээллийн суваг, хамгаалалтыг сурталчлах, авлигын эсрэг соён гэгээрүүлэлт, хууль хэрэгжилтийн үнэлгээг хэрэгжүүлнэ.
Төрийн бүтээмж, засаглалын чиглэлээр төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюун нэвтрүүлж, Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулна.
Шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрийг өрсөлдөөнт хэлбэрээр нээлттэй хэрэгжүүлж, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулж, технологи дамжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Дээрх үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр засаглалын үзүүлэлт 2025 онд 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгааг 2027 онд 7 байраар ахиулж, дэлхийн мэдлэгийн индекс 39.2 оноог 50 оноонд хүргэхээр тусгаад байна.
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүд 54.8 хувийн саналаар дэмжиж, тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


